УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, алслагдсан 15,18,19,20-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Ингэснээр Сүхбаатар дүүргийн иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Мөн өмнө нь дуудлагад явахдаа явганаар эсвэл хувийн тээврийн хэрэгсэл гуйдаг байсан эмч, эмнэлгийн ажилтнуудын хүндрэл бүрэн шийдэгдэж байна.

Тэргүүн шадар сайд Н.Учрал хэлэхдээ: “Эрүүл мэндийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулахын тулд зөвхөн тоног төхөөрөмж бус, хүрэх чадварыг нь сайжруулах шаардлагатай. Түргэн тусламжийн автомашин бол хүний амь авардаг эмнэлэгт хүрэх анхны гүүр юм” гэлээ.
Сүүлийн жилүүдэд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн УИХ-ын гишүүд Н.Учралаар ахлуулсан багийн санаачилгаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Приус” маркийн автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн.

Энэ нь эргэлт, үзлэг, урьдчилан сэргийлэх тусламж хүргэхэд чиглэж байсан.
Харин шинээр хүлээлгэн өгч буй түргэн тусламжийн автомашин нь яаралтай тусламж, сэхээн амьдруулах, эмнэлгийн тоног төхөөрөмжтэй учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ түргэн шуурхай үзүүлнэ.
Цаашид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт шаардлагатай түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэхүү ажил нь нийслэлийн эрүүл мэндийн тусламж, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн бүрд ойртуулах бодлогын нэг хэсэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн эдийн засгийн сэргэлт, баялгийн хулгайн эсрэг тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм.
Засгийн газар иргэн бүрийг хохироосон баялгийн хулгайтай эрс хатуу тэмцэж, үр өгөөжийг нь эрүүл мэнд, боловсролдоо зориулж, эмч, багш нарынхаа цалин хөлсийг нэмэхийн төлөө ухрах эрхгүй ажиллаж байна.

