Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.
Ирэх жилийн төсвийн бодлого Макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгааг Ерөнхий сайд хэллээ.
D-parliament цахим системээр татварын багц реформын төслийг тавьж хэлэлцүүлж байна. Энэ багц хуулийн төсөл нь нийт иргэд, бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж байгаа. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжиж байгаа төсөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.