Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2025.09.09) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн алба зэрэг төмөр замын байгууллагуудын дарга удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Хуралдаанаар нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хот руу төмөр замаар тээвэрлэх мидлинг, хагас кокжсон нүүрсийг тээвэрлэхэд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нүүрс тээвэрлэлтэд явах галт тэрэгний хүрэлцээ хангамж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ. Тодруулбал, энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас кокжсон шахмал түлш хэрэглэхээр төлөвлөж байгааг нийслэлийн удирдлагууд мэдээлж буй.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг. Тэгвэл энэ онд буюу 2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас кокжсон шахмал түлшийг авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаалахаар төлөвлөж байна.

Нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд төмөр замаар нүүрс тээвэрлэх, нүүрс тээврийг тусгай график төлөвлөгөөний дагуу тасралтгүй зохион байгуулах ажлыг ЗТЯ болон төмөр замын байгууллагууд хариуцан ажиллах юм.Энэ ажлын хүрээнд төмөр замын байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн вагонуудаас тодорхой хувийг нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүрс тээвэрлэлтэд оролцуулах, мөн энэ ажилд хувийн хэвшлүүдийн нөөц боломжийг дайчлах, төмөр замын байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттай ажиллах тал дээр анхаарч хамтарч нэгдэж ажиллахыг даалгалаа.