Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 17 өдрийн хуралдаанаар Монгол улс анх удаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгуулах шийдвэрийг гаргалаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авна. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татвараас чөлөөлөх юм байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон компанид тухайн жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 1 хүртэлх хувийг хөнгөлнө.
Түүнчлэн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан 9 төрлийн дэмжлэгийг дотоодын технологийн компаниудад олгоно.
Үүнд: Патентжуулах зардалд грант олгох; Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох; Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох; Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох; Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох; Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох; Зээлийн батлан даалт гаргах; Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх; Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох зэрэг багтана.
Монгол Улсын Их хурал 2024 оны 6 дугаар сарын 5 өдөр анх удаа “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батласан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.