УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.17/-ийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Төлбөрийн тэнцэл 2025 оны долоодугаар сарын байдлаар 284 сая ам.долларын алдагдалтай гарсан. Иймд, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг Засгийн газар байгуулсан гэлээ. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулснаар эдийн засгийг дэмжиж, төлбөрийн тэнцлийг бууруулна гэдгийг хууль санаачлагчид онцолж байна. Үүнээс гадна дэлхийн зах зээлд үнэ өсөж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж төсвийн орлого бүрдүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

Гишүүдийн зүгээс эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд хүргэхэд “Онтрэ” компанитай байгуулах гэрээ чухал үүрэгтэй тул үүнд анхаарал хандуулж ажиллахыг зарим гишүүд хэллээ. Мөн төсвийн орлогыг бүрдүүлэхэд нүүрсний экспортыг хэт өөдрөгөөр буюу биет хэмжээгээр 90 сая тонныг экспортолж, үнийг 70 ам.доллар байхаар төсөөлснийг эргэж харахыг санууллаа.