
БНХАУ-ын Ляньюньган хотод болж буй “Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум” -д оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Дотоод хэргийн сайд Саденов Ержан Сапарбековичтай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд”-д хоёр тал терроризм, мансууруулах бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон цахим гэмт хэрэг, хууль бус шилжилт хөдөлгөөний эсрэг тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон нь ач холбогдолтой байсныг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд Казахстан Улсын хууль сахиулах байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Хар тамхины хууль бус эргэлтийн чиг хандлага, шинэ төрлийн мансууруулах бодис, мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй хяналтын үйл явц, түүнд ашиглаж буй дэвшилтэт техник, технологи, орчин үеийн тоног төхөөрөмжийн талаар тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцлоо.