
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд боллоо. Сонсголд Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
Сонсголд төрийн байгууллага, шинжээчид оролцож, “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн талаар дүгнэлт, илтгэлээ танилцуулсан. Мөн Ховд аймгийн Мянгад сумын иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэв.

Энэ асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй талаар “Ховдын мянган шүгэл” иргэдийн хөдөлгөөн болон нутгийн иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу 2023 оны 9 дүгээр сарын 13-нд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн.
Комиссоос тайлбар, баримт мэдээлэл авч дүн шинжилгээ хийхэд орон нутгийн иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн. “Халзан бүрэгтэй” орд газарт олборлолт явуулахдаа иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй, орон нутгийн иргэд, малчидтай ойлголцол дутмаг байсан нь үл ойлголцол, маргаан үүсэхэд хүргэсэн. Мөн орд газрын хөрс, усанд байгалийн цацраг идэвхт элемент (уран, тори зэрэг) илэрсэн тул иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд Комиссийн гишүүний дараах зөвлөмжийг хүргүүлсэн.

Үүнд:
• Иргэдийн оролцоог хангаж, орд газрын ашиглалтын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг татан оролцуулах;
• Олборлолтын үйл ажиллагаа, эрсдэлийн талаар иргэдэд тодорхой, хүртээмжтэй мэдээлэл хүргэх;
• Олборлолтын үр дүн, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг ил тод, ойлгомжтой байдлаар тайлагнах;
• Орд газрын цацраг идэвхт элементүүдийн идэвхийг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн байгууллагуудаар шинжилгээ хийх;
• Байгаль орчны болон эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль, дүрэм журмыг чанд мөрдөх;
• Орчны бохирдол, эрсдэлийг бууруулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;
• Иргэдийн санал, гомдлыг бүртгэж, үр дүнг ил тод тайлагнах арга хэмжээг хэрэгжүүлэх.
Комиссын гишүүний тус зөвлөмжийг сонсголын үеэр танилцуулж, холбогдох байгууллагууд хяналт, зохицуулалтын арга хэмжээ авах шаардлагатайг онцлон хэллээ.