Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Монгол Улс 1990 оноос хойш Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагад гишүүнээр элсэж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг давах эдийн засгийн болон нийгмийн дэд бүтцийг бий болгох зэрэгт дээрх олон улсын байгууллагуудтай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газраас гадаадын нэн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийг авч ашиглаж ирсэн гэв. 2011 оноос нэн хөнгөлөлттэй зээл өөрчлөгдөж, энгийн болон хөнгөлөлттэй зээлд хамрагдах болсон байна. Харин 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болон болсон тул зөвхөн арилжааны нөхцөлтэй зээл авах боломж боломжтой болж зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн хугацаанд нийт 21.7 их наяд төгрөгийн гадаад зээлийг авч ашиглан дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр 300 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна.
Үүнд Япон улсын зээлээр шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл тусламжийн хөрөнгөөр, Япон-Монголын анагаах ухааны эмнэлэг, БНХАУ-ын зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл, Улаанбаатар-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны авто зам барих төсөл, Яармагийн болон замын цагдаагийн гүүр барих төслүүд, Гацуурт, Налайхын авто замын төсөл, Азийн хөгжлийн банкны зээлээр баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Дэлхийн банкны зээлээр эрчим хүчний алдагдал бууруулах эрчим хүчний шинэчлэл хийсэн “Эрчим хүч” 1, 2 төсөл зэрэг томоохон төслүүдийг ашиглалтад оруулсан байна. Харин өнөөдрийн байдлаар Улсын Их Хурлаас соёрхон баталсны дагуу Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр нь байгуулагдсан гадаад зээлийн тусламжийн нийт 116 төсөл хэрэгжиж байгаагаас гадаад зээлийн 89 төсөл байгаа юм байна. Эдгээрийн төсөл зээлийн санхүүжилтийн ашиглагдаагүй нийт үлдэгдэл 14.7 их наяд төгрөг юм байна. Түүнчлэн 95.5 хувь нь 2030 он гэхэд дуусахаар гэрээ хэлэлцээр байгуулагджээ. Гэвч гадаадын зээлийн ашиглалтын хэмжээ тухайн жилийн төсөвт хязгаарлагдмал байдлаар батлагдаж байгаагаас шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удаашрах, нэмэлт санхүүжилт үүсэх, зээлийн үйлчилгээний төлбөрт нэмэгдэх зарим төсөл 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих эрсдэлтэй байгаа гэв төсөл санаачлагчид үзсэн байна.
Иймд гадаад зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдээс Үндэсний аюулгүй байдлыг хангах, Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн жагсаалтад багтсан импортыг орлож үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл болон Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хугацаанд нь санхүүжүүлж ашиглалтад оруулах зорилго бүхий анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

Өмнө дурдсан гадаад зээлийн ашиглагдаагүй үлдэгдлийн 38 хувь буюу 5.6 их наяд төгрөг нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн санхүүжилт аж. Гадаад зээлийн эх үүсвэр хэрэгжүүлж буй зөвхөн дээрх гурван төслийн санхүүжилтийн ашиглалтын зардлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4, 12.1.5-д заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн тооцооллоос тусад нь тооцож явах тухай зохицуулалт болохыг төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа.
Хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд дээрх төслүүдийг Улсын Их Хурлаас соёрхон баталсан хугацаагаар хэрэгжиж, зээлийн ашиглалт, ашиглалт нь гэрээ, хэлцээр батлагдсан дүнгээс хэтрэхгүй байх хязгаарлалттай бөгөөд бүтцийн хувьд 9 зүйлтэй аж. Хуулийн төсөлд хамаарах төслүүдийг тодорхой тусгасан гэдгийг тодотгож байв.
Харин дээрх төслүүдийн ашиглалтын хэмжээгээр Засгийн газрын өр ба бүртгэх өрийн хязгаарт тооцох зэрэг бусад харилцаанд хуулийн төсөл өөрчлөлт оруулахгүй бөгөөд хуулийн төсөлд тусгаснаас бусад асуудлыг холбогдох хуулиудаар зохицуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Анхдагч хуулийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгааг дурдав. Судалгааны тайлангаас харахад олон улсын ийм туршлага түгээмэл байдаг бөгөөд ХБНГУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улсууд хөгжлийн томоохон төслүүдээ ийм байдлаар санхүүжүүлж ирсэн туршлага байдаг аж. Гадаад зээллэгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа баригдсанаар жилд 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах, дотоодын хэрэглээний 55 хувийг хангах, жил бүр 1 тэрбум ам.доллар дотооддоо үлдэж импортын хараат байдлаас гарч шатахууны үнийг бие даан уян хатан зохицуулах үр ашигтай аж. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 366 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж баруун бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах эерэг үр нөлөөтэй. Эил бүр 17.5 тэрбум дотооддоо төгрөгийг дотооддоо үлдээнэ, эрчим хүчний импортыг бууруулна. Сэлбэ дэд төв ашиглалтад орж, гэр хорооллыг орон сууцжуулснаар нийт 158 га талбайд 10 мянга гаруй айлын орон сууцын цогцолбор хороолол бий болох ач холбогдолтой. 118 мянга гаруй янданг цөөлж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирд бохирдлыг бууруулах, 4 мянга гаруй нүхэн жорлонг устгаж, хөрсний бохирдлыг бууруулах, орчныг цэвэршүүлэх ач холбогдолтой.

Үүний зэрэгцээ зээлийн ашиглалтыг сайжруулснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн ашиглаагүй үлдэгдэл төлөх төлбөрт 105.1 тэрбум төгрөгийг хэмнэх юм байна. Энэхүү төсөл батлагдсанаар нийт гарах үр дүн дээрхээр хязгаарлагдахгүй бөгөөд стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарал буурч, валютын гадагшлах ,урсгал эрс багасаж, Улсын Их Хурлаас соёрхон баталсан зээлийн гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хөгжлийн түншлэл байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх аж. Төсөвт учруулах гадаад зээлийн дарамтыг багасгаж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, бусад шинэ зээлийн төслүүд хугацаандаа хэрэгжих, зээлжих зэрэглэл нэмэгдэх боломж бий болох аж. Төсөл санаачлагч илтгэлийнхээ төгсгөлд үндэсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүний дотооддоо үйлдвэрлэх, үнийг дотооддоо тогтоох боломж олгох, баруун бүсийг эрчим хүчээр хангах, импортын хараат бус байдлаас гарах, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх гурван төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах хууль эрх зүйн орчин бий болгох хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Төсвийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг П.Сайнзориг гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаясгалан, А.Ариунзаяа, А.Ганбат, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм.
Ийнхүү гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалтуудыг нэгтгэн явууллаа.

