Монгол Улсаас хууль бусаар хил дамнан худалдаалагдсан, палеонтологийн ховор олдворууд болох 70 орчим сая жилийн настай, махчин үлэг гүрвэл Тарбозавр батаар (Tarbosaurus bataar) болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас амжилттай эргүүлэн авчирчээ. Батаарын олдвор 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн олдвор юм.
Энэхүү үйл явц нь 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагуудын хүчин чармайлт төдийгүй Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, өнөөдөр буюу 06 дугаар сарын 11-ний өдөр олдворуудыг эх орондоо бүрэн хүлээн авч байна.
Франц Улсын Засгийн газрын дэмжлэг: Францын гааль болон хууль сахиулах байгууллагууд олон улсын эрх зүйн туслалцааны хүрээнд анх эдгээр олдворыг хураан авсан бөгөөд Францын Засгийн газраас ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, олдворуудыг Монгол Улсад үл маргах журмаар шилжүүлэн өгөхөд онцгой анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүлжээ.
Хадгалах газар: Эдгээр ховор олдворыг шинээр ашиглалтад орох “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н Палеонтологийн хэсэгт байрлуулж, олон нийт, судлаачдын хүртээл болгоно.
Олон улсын ач холбогдол: Энэхүү үйл ажиллагаа нь соёлын үнэт зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний өвөө дэлхийн аль ч улсаас эргүүлэн авчрах, хамгаалах чиглэлээр Монгол Улс тууштай ажиллаж буйн тод жишээ бөгөөд дэлхий нийтэд сайн туршлага болж байна.





