Зуны дэлгэр цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй зэрэгцэн орон нутагт зохион байгуулагдах хөгжмийн наадам, шоу фестивалиудын хөтөлбөрүүд зарлагдаж эхэллээ. Сүүлийн жилүүдэд зөвхөн Улаанбаатар хотод бус, Монгол орны өнцөг булан бүрд амьд хөгжмийн тоглолт, соёл, энтертайнмент хосолсон томоохон фестивалиуд зохион байгуулагдах болсон нь дотоодын аялал жуулчлалын шинэ өнгө төрх болж байна.
Энэ зуны хамгийн урт хугацаанд үргэлжлэх, хамгийн өргөн хөтөлбөртэй фестивалиудын нэг болох ARA Festival Архангай аймагт дөрөв дэх жилдээ зохион байгуулагдахаар болжээ.
Нэг сарын турш үргэлжлэх “Аз жаргалтай 7-р сар”
Архангай аймаг дахь ARA Complex-ийг түшиглэн зохион байгуулах тус фестиваль 2026 оны долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1 хүртэл бүтэн сарын турш үргэлжилнэ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жилийн фестивалийн хүрээнд:15 удаагийн тоглолт
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог” тоглолт
Thunder хамтлагийн тоглолт
DJ AYA болон бусад уран бүтээлчдийн шоу зэрэг олон арга хэмжээ багтжээ.
Үүнээс гадна дөрвөн дугуйт мотоциклийн аялал, “Quiz Night with Miko”, “Content Creators’ Day” зэрэг залуус, контент бүтээгчдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг бэлтгэсэн байна.
Мөн “Physical Asia” тэмцээний оролцогч Эдди, Э.Лхагва-Очир нар фестивалийн турш оролцож, спорт, фитнесийн чиглэлийн үйл ажиллагааг хөтлөн явуулах аж.
Аялал, хөгжим, энтертайнмент нэг дор
Хотын хөл хөдөлгөөнөөс холдож, байгалийн үзэсгэлэнт тогтоц дунд амьд хөгжим сонсон, аялж амрахыг хүсэгчдийн хувьд ARA Festival энэ зуны онцлох арга хэмжээнүүдийн нэгээр нэрлэгдэж байна.
Тус фестиваль энэ жил “Аз жаргалтай 7-р сар” уриан дор зохион байгуулагдах бөгөөд аялал жуулчлал, соёл, энтертайнментийг хослуулсан зуны хамгийн том цогц арга хэмжээ болохоор зорьж байна.

