Монгол Улсад Орос, Монголын хамтарсан “Халхын гол. Алдар суу маань улам бадарна – 2025” хайгуулын экспедицийн үйл ажиллагааны хоёрдугаар шатны хаалтын ёслол 2025 оны 9-р сарын 12-нд боллоо.
Хайгуулын багийнхан 9-р сарын 6-наас 12-ны өдрүүдэд 1939 онд Зөвлөлт, Монголын цэргүүд милитарист Японы түрэмгийллийг бут цохих ширүүн тулаан хийж байсан газар нутагт эрэл хайгуул хийв. Хайгуулын явцад Зөвлөлтийн 68 дайчны шарилыг илрүүлснээс өнөөдрийн байдлаар 11-ийг нь таньж хэн болохыг тодорхойлсон нь экспедицийн ажлын дээд амжилт юм.

Эрэл хайгуулын экспедиц явуулах шийдвэрийг хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 9-р сард гаргасан бөгөөд бэлтгэл, зохион байгуулалтын бүх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба удирдав.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тушаал гаргаж эрлийн багийнхны ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хоол хүнс болон хээрийн амьдралд шаардлагатай бүх зүйлээр ханган, хээрийн лагерь байгуулсан байна.
Экспедицийн үйл ажиллагааны хаалтын ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэргийн болон Агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Р.Садыкова, Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөл Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр, хурандаа Д.Төмөрбат нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх эмнэлгийн шинжилгээний үндэсний төвийн ажилтнууд, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид оролцов.

Эрлийн экспедицийн оролцогчдын хэлснээр энэхүү ажил нь зөвхөн түүхэн төдийгүй хүмүүнлэгийн маш их ач холбогдолтой бөгөөд олдсон цэргийн шарил бүр нь шударга ёсыг сэргээж, ялалтын баатруудын дурсгалыг хүндэтгэж буй хэрэг юм.
Зохион байгуулагчид экспедицийн үйл ажиллагаа ирэх жил заавал үргэлжилнэ гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид Халхын голын тулалдааны түүхэн үнэнийг хадгалж, амь эрсэдсэн баатруудын дурсгалыг мөнхжүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд явуулахын тулд оролцогчдын бүрэлдэхүүнийг өргөтгөж, илүү олон мэргэжилтнүүдийг татан оролцуулах бодолтой байна гэв