
Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.09.29/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага, гэр бүл, хүүхдийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
Эцэг, эхийн хариуцлагыг сайжруулах, эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ гэрлэлт дуусгавар болсон эсэхээс үл хамааран биелүүлэх үүрэгтэй байдлаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах;
Өнөөгийн нийгэмд шинэ тутам бий болж буй харилцаа болох гэрлэлттэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч, нөхөн үржихүйн аргаар хүүхэдтэй болоход хүүхдийн эцэг, эхээр хэнийг бүртгэх;
Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлыг тусгасан байна. Гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудлын хувьд гэр бүлийн хэрэг (гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг зэрэг) шүүхэд хянан шийдвэрлэх талаарх хуулийн төсөл, өсвөр насны хүний үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх журмыг боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан талаар тус яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль болон бусад төрийн байгууллагын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, судлаач, иргэд оролцлоо.
Хуулийн төсөлд санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд дээр хуулийн хуулийн төсөл, холбогдох судалгааг байршуулаад байна.