УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах болж, чуулганыг түр завсарлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг эхлүүлэх гэсэн ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй болж гацсан. Тэгвэл одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах болжээ. Иймээс УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг 30 минутын хугацаатай завсарлуулаад байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд УИХ-ын даргаас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар, мөн Байнгын хороодын дарга нар оролцдог.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаад дөнгөж сая дууссан. Тус бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёулаа огцрох ёстой. УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудал, мөн УИХ-ын даргыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Хэрвээ энэ асуудлыг зэрэг хэлэлцэхгүй бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурь барьж буй. Иймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг хэлэлцэх асуудлыг дараалалд оруулах эсэх асуудал хэлэлцэгдэж мэдэхээр байна.
Мөн УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд дунд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэвэл Үндсэн хууль зөрчсөн асуудалд орох болно. Иймээс Үндсэн хуулийн зөрчилд хүргэж болзошгүй энэхүү чуулганд оролцох боломжгүй гэдэг байр суурь илэрхийлж, Засгийн газрын танхимын гишүүд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Иймээс эдгээр асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж мэдэхээр байна.
Нөгөө талдаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ маргааш 13:00 цагаас өмнө хэлэлцэн шийдвэрлэж шийдвэрээ гаргахгүй бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хэлсэнчлэн эл асуудал зогсох юм.