
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Миний бие өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хувийн шийдвэрийг гаргаж, өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Сая ТББХ хуралдаж, миний хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжлээ. Улс төр цэвэр тунгалаг ариун, шударга байх ёстой. Тийм учраас өнөөдрийнхөө өргөдлийг өгч байгаа юм.
Би өнөөдөр хувь хүний талаар яримааргүй байна. Би өнөөдөр ажлаа өгч байгаад энэ бүхэнтэй илүү хүчтэй тэмцэх болно. Аливаа хуулийн байгууллагаас Д.Амарбаясгалан гэм буруутай эсэхийг шалгаж, тогтоогоогүй.
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАХ БОЛЖЭЭ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх хүсэлт гарган нэр холбогдоод буй асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулах болно гэдгээ мэдэгджээ. Энэ цаг мөчид Төрийн ордонд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна. Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг өнөөдөр зарласан. Тэгвэл дээрх хуралдаанд УИХ-ын дарга оролцох үеэрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргана гэдгээ мэдэгджээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Бортээгийн ордтой холбож, энэ асуудлаараа шалгуулах ёстой гэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдэж ирсэн. Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан няцаалт хийж ирсэн ч МАН-ын даргад өрсөлдсөн цаг үеэс энэхүү асуудал улам хүчийг авсан. Тэрбээр энэ асуудлаар “Өнөөдрийг хүртэл надтай холбоотой олон гүжир гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар асар их мөнгө зарж явууллаа. Улстөрч өрсөлдөгчөө намнадаг ийм арга хэлбэр байдгийг би бас өнөөдрийг хүртэл мэдэхгүй явж ирлээ. Өөрийн бие дээр тохиолдохоор аргагүй ойлгодог юм байна. Хууль хяналтын байгууллага, улс төрийн дарамт дарангуйлал гэж юу байдаг юм бэ гэдгийг ойлгож мэдэрч байна. Миний хувьд парламентын ардчиллыг дэмжих, парламент дахь улс төрийн намуудын оролцоог бодитой бий болгох, парламентад байгаа улс төрийн намууд нь институци байж, бодлогын өрсөлдөөн хийдэг, улс орны өнөөдрийн маргаашийн хөгжлийг бодлого болгож төлөвлөж чаддаг байх тэр төвшинд хүрэх ёстой гэдэг зорилгоор ажиллаж ирсэн. Германд бүртгэлтэй мөртлөө хаана байдаг нь тодорхойгүй хуурамч мэдээлэл дамжуулдаг хэрэгсэлд 50 мянга гаруй ам.доллар төлж намайг 37 сайтаар гүтгүүлсэн. Тагнуулын байгууллагад гаргасан гомдлын дагуу тагнуулын байгууллагын шинжээч ажиллаад ийм хуурамч сайтаар мэдээлэл тарааж гүтгэсэн байна гэдэг шинжээчийн дүгнэлт ирүүлсэн. “Адменирал” гэнэ үү, Бортээг гэнэ үү миний мэдэхгүй, миний оролцоогүй надад огтоос байгаагүй, цаашдаа ч байхгүй зүйлээр намайг гүтгэсэн. Энэ ауудлаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, намайг гүтгэсэн мэдээллийн сайттай шүүхдэж ялалт байгуулсан, мэдээлэл нь тогтоогдоогүй. Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдаж араас нь албан тушаалаасаа огцор гэдэг гүжир гүтгэлэг шаардлага тавьж байгаад би гайхаж байгаа.
Би Ардчилсан Монгол Улсын иргэн гэж өөрийгөө бодож явдаг. Буруугүйгээ нотол гэж шаарддаг, огт шалгагдаагүй хэргээр өөрийгөө буруугүй гэдгээ нотол гэдэг шаардлагыг тавьдаг энэ нийгэм 21 дүгээр зуун биш гэж би боддог. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанд хүний үндсэн эрхэнд гэм буруутай нь аль нэг шүүхийн байгууллагаар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим байдаг. Гэтэл ямарваа нэг хуулийн байгууллагаар шалгагдаагүй намайг аливаа нэг шүүүх байгууллагаар таслагдаагүй намайг гэм буруутай гэж үзэж, огцор гэдэг шаардлага тавьж байгаа улс төрийн энэ үйлдлээсээ ичих хэрэгтэй. Тогтоогдсон бол би юм ярихгүй, ёс суртахууны хариуцлага хүлээгээд асууалд нээлттэй хандаад явах эр зориг, ёс суртахуун надад хангалттай байгаа. Харамсалтай нь, хэвлэлээр яллаж байгаад чи албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуул гэдэг зүйл 21 дүгээр зууны ардчилсан Монгол Улсад байхгүй зарчмаар шахаж байгаа учраас би дуугаа өргөнө. Нэг хүний удирдлагатай нийгэм биш. Нэг хүний удирдлагаар хуулийн байгууллага нь ажиллаж хэн нэгнийг улс төрийн ялтан болгодог нийгэмд амьдраагүй. Энэ бол харамсалтай байна, ичих хэрэгтэй” гэж мэдэгдэж байв.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай саналыг Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай хамтад нь хэлэлцээд явах ёстой. Мөн хэнийг нь ч хамгаалахгүй, хоёуланг нь огцруулах ёстой” гэх байр сууринд нэгдсэн байдаг.