Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр /2025.12.12/ боллоо.
2022 онд эхэлсэн хүнсний хувьсгалын үр дүнд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд 53 үйлдвэр ашиглалтад оруулж, Монгол Улс 937 үйлдвэртэй болж, 1000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болгожээ.
2022 онд манай улс 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортлож байжээ. Харин үндэсний хөдөлгөөн өрнөснөөр импортын хамаарал жил бүр 100 гаруй сая ам.доллараар, энэ оны 11 сарын байдлаар 379 сая ам.доллараар буурчээ.

Манай улс өндөгний хэрэглээнийхээ 45 хувийг дотооддоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна.

”Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, амжилттай борлуулж буйг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байлаа.

