Нэр дэвшигч Санжаагийн НаранцогтньЭдийн засгийн байнгын хорооны2024 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж ирүүлсэн байна. Байнгын хороо холбогдох хууль, журмын дагуу энэ сарын 16-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсголыг Д.Үүрийнтуяа гишүүн даргалахаар тогтсон юм. Үргэлжлүүлэн тэрбээр нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулаад “Сонсголд 21 оролцогч, 14 ажиглагч бүртгүүлж, асуултаа урьдчилан ирүүлсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 61.3 хувь нь хүрэлцэн ирснээр сонсгол эхэлж, нэр дэвшигч С.Наранцогт тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар танилцуулга хийсэн” гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулсны дараа хаалттай хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, нэр дэвшигч С.Наранцогтын ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн гишүүд үзэж, түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Ийнхүү нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг хэлэлцээд, Санжаагийн Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 20 гишүүний 75 хувь буюу, 15 гишүүн дэмжлээ. Үргэлжлүүлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн.
