“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хурлаар компанийн 2026 оны бизнес төлөвлөгөөтэй уялдуулан Зам, тээврийн сайдтай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах саналыг хэлэлцлээ.

Хурлын үеэр ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй, аюулгүй, найдвартай байдлаар 24/7 горимоор зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, эрсдэлгүй ажлын байрыг бүрдүүлэх, мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлж, дотоод аудит болон тээврийн хяналтын хараат бус үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр боловсруулсан нарийвчилсан төлөвлөгөөөг хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Мөн хэрэгжүүлж буй төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын нийгмийн асуудал, хувь хүний хөгжил, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй, тав тухтай ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэж байгааг онцлов.
