Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Шикокү бүсийн Токүшима мужийн Токүшима хотод 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол Улсын Хангайн бүс, Япон Улсын Шикокү бүсийн хамтын ажиллагааны ирээдүй” сэдэвт бүс хоорондын хамтарсан зөвлөгөөнд мэндчилгээ дэвшүүлэв.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол, Японы бүс, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцлоод энэ чиглэлд гаргаж буй Япон дахь Өргөмжит консулуудын хүчин чармайлт, манлайлалыг өндрөөр үнэлэв.

Шикокү бүсийн урилгаар Хангайн бүсийг төлөөлж Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нарангарав, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, Япон дахь Монголын өргөмжит консулууд нар оролцов. Японы талаас Шикокү бүсийн Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн төлөөлөл, Токүшима, Коочи мужийн дэд захирагч, Токүшима мужийн Анан, Комацүшима, Ава хотуудын удирдлага, иргэдийн хурлын дарга, төлөөлөгчид, тус мужийн ХАҮТ-ын төлөөлөл, Баруун Японы Монгол солилцооны нийгэмлэгийн гишүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Зөвлөгөөнөөр Хангайн бүсийн хөгжлийн зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн “Шинэ Хархорин хот” төслийн талаар тус тус мэдээлэл өгөв.
Энэ удаагийн зөвлөгөөнийг Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи-тэй хамтран зохион байгуулсан нь Япон дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтын ажиллагааны бодлогын чиглэлийг тодорхойлох, харилцан туршлага солилцох зэргээр хоёр улсын харилцааг бүс, орон нутгийн түвшинд ойртуулж, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

