Home Zug flashЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

by chimka chimka

Хуулийн төслийн талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр, Өнөөдөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч эдийн засгийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, тогтвортой байдлыг хангах талаар нэгдсэн зохицуулалт бүхий хууль батлагдаагүй байна. Олон улсын туршлагаас харахад аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах, төрийн оролцоог хязгаарлах нь бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн төрийн оролцоог бууруулах нь зах зээлийн үр дүнтэй үйл ажиллагааг хангаж эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг дэмжих төдийгүй хөрөнгө оруулалт инновацыг дэмжих таатай орчныг бүрдүүлдэг байна. Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр Монгол Улс 2025 оны онд 176 улсаас 76 дугаар байранд эрэмбэлэгдэж, нарийвчилсан дэд үзүүлэлтийн оноогоор өмчийн эрх, төрийн зарчимт байдал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулагчид ээлтэй байдал зэрэг үзүүлэлтээр дунд, бага гэж үнэлэгдлээ хэмээн танилцуулав.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдан хөрөнгө оруулалтыг татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тус хуульд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах гомдлыг шуурхай барагдуулах зорилгоор Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус зөвлөлийн чиг үүргийг тодорхой болгож хөрөнгө оруулалтын баталгааг хангах хуулийн зохицуулалтыг сайжруулсан хэмээн танилцуулав.

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвөөс нэмэлт зардал үүсгэх, шинэ бүтэц, орон тоо бий болгох зохицуулалт агуулагдаагүй гэлээ. Тус хууль батлагдсанаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн эдийн засгийн эрх чөлөө хангагдаж, төрийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагаа дахь оролцоо, сөрөг нөлөөлөл буурч, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

banner

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр  хэлэлцүүлгийг хойшлууллаа.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00