Хуванцар зохицуулахад ашиглаж буй шийдлүүдэд хийсэн шинжлэх ухаанч тойм шүүмжээс бидний үйлдвэрлэж, хэрэглэж байгаа энэ их хуванцрыг зохистой зохицуулах бодит шийдэл манай улсад бүү хэл дэлхийн хаана ч одоогоор байхгүй гэдэг нь харагдаж байна.
Судалгаанд дурдсанаар дахин боловсруулах аргыг өргөн цар хүрээтэй, нарийн тооцоолсон тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг болгон ашиглаж болох ч дангаараа хангалттай шийдэл болж чадахгүй юм. Түүнчлэн дахин боловсруулалт нь салшгүй бэрхшээлүүд, цаашлаад урьдчилан тооцоогүй сөрөг үр дагавруудыг дагуулж ирснийг анхаарах шаардлагатайг онцолжээ.
Үүнээс гадна хогноос эрчим хүч гарган авах, био хуванцар, хуванцрын кредит зэрэг бусад түгээмэл яригддаг арга, технологиудын тоймоос ч зохистой, урт хугацааны шийдэл харагдаагүй байна.
Иймд хог хаягдлын менежментийн суурь зарчим болох “3R” (Reduce–Reuse–Recycle)-ийг нухацтайгаар эргэн харах нь нэн чухал гэж дүгнэжээ. Үүнд:
- юун түрүүнд хог хаягдлын гарцыг бууруулах,
- зайлшгүй гарах хог хаягдлыг дахин ашиглах,
- хамгийн сүүлд үлдсэн хэсгийг дахин боловсруулах зарчмыг хатуу баримтлах шаардлагатай байна.
Монгол Улсыг ойрын хэдэн жилийн хугацаанд бараг хог хаягдалгүй улс болгох зорилгоор Экосум ТББ-аас баримтлах зарчим, авч хэрэгжүүлэх 14 үндсэн зөвлөмж-ийг боловсруулан гаргасан байна. Эдгээр нь хог хаягдлын хямралыг бүхэлд нь шийдвэрлэхэд чиглэсэн боловч өнөөгийн нөхцөлд хуванцар нь Монгол Улсад тулгарч буй хог хаягдлын асуудлын хамгийн ярвигтай хэсэг болохыг онцолжээ.
Илүү ойлгомжтой болгох үүднээс уг 14 зөвлөмжийг дараах дөрвөн чиглэлд ангилсан байна. Үүнд:
- хог хаягдлын гарцыг бууруулах, дахин ашиглалтыг сайжруулах;
- үр дүнтэй дахин боловсруулалтыг системтэйгээр хөгжүүлэх;
- хог хаягдал зохицуулах тогтолцоог бодит нөхцөлд нийцүүлэн сайжруулах;
- хог хаягдал зохицуулах тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангах.

