“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Орос 12 дугаар цэцэрлэгийн хамт олон хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладгаа Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх болон газар, хэлтсийн удирдлагуудтай уулзах үеэрээ танилцуулсан. Тус цэцэрлэг 11 бүлгийн нийт 275 хүүхдээ жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, олон төрлийн шинжилгээнд хамруулан, бүртгэл хөтөлж ажилладаг. Энэ сайн туршлагыг нь салбарын яам үнэлж, улсын хэмжээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэн, энэ жилээс цахим хэлбэрээр хэрэгжүүлж эхэлжээ.

Уулзалтын үеэр, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх тус цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулахад тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, багш нарын дунд сонгон шалгаруулалт явуулах, хоол үйлдвэрлэлийн хэсэгт үүссэн маргаанд дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах, хүлээн авах хүүхдийн тоог нэмэгдүүлэх, Орос цэцэрлэг, сургуулийн хэрэглээнд зориулж, уурхайчдын дунд хандивын аян өрнүүлэн, номын сангийн фондыг шинэчлэн баяжуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
