Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) нээлтээ хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог үйл явдал болсон юм.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Н.Учрал үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байгааг тодотгоод тухайлбал, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон тул үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг, мөн дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг, шударга ёс дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе нэхэж байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг мэдэгдээд Үндсэн хуульд заасан хүний заяагдмал жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, хийе бүтээе гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж, саадыг чөлөөлөхийг монгол хүн бүхэн нэхэн шаардаж буйг тодотгосон юм.
Мөн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд Улсын Их Хурлын хаврын чуулганаар тодорхой асуудал, шийдэлд онцгой анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж буй хуулийн төслүүд, татварын багц хуулийн төсөл болон Банкны тухай хууль болон Төвбанкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлдэг хуультай болох, үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлуулах шаардлагатай байгааг онцлов.

