Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг нийт 330 сум, 9 тосгоны 671 байгууллагын 3402 албан хаагч, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 61 төрийн байгууллагын 105, нийт 3507 албан хаагчийг хамруулан хийсэн. Хяналт шалгалтаар ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй, түр орлон болон сэлгэн, шилжин ажиллуулах журам зөрчсөн нийт 287 зөрчил илрүүлсэн байна.
Хуульд заасны дагуу хяналт шалгалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгооны үйл ажиллагаанд хийдэг байсныг суманд ажиллах явцдаа боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын буюу төрийн үйлчилгээний 1,579 байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн 205 төсвийн шууд захирагчийг хууль зөрчиж, “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсныг мөн илрүүлжээ.

Хяналт шалгалтыг зөвхөн хянаж, шалгаад дуусгах бус төрийн байгууллагын удирдлага, 36357 албан хаагчдад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэглэх талаар таниулах, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт, шинэ мэдлэг мэдээлэл өгөх хэлбэрээр зохион байгуулсан нь үр дүнтэй болж дээрх зөрчлүүдээс 176 нь шалгалтын явцад хуульд нийцэн арилсан аж.

Илэрсэн зөрчлөөс хяналт шалгалтын явцад арилгаагүй 187 зөрчлийн асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж 46 тогтоолоор холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч ажилласнаар хэрэгжилт оны төгсгөлд 87.1 хувьтай хэрэгжсэн үр дүн гарсан хэмээлээ.
Өнгөрсөн онд хөдөлмөрлөх зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлд 590 өргөдөл, гомдол ирснээс, 589-ийг шийдвэрлэсэн бөгөөд 145-д хугацаатай үүрэг даалгавар өгч, захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.

Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг чанаржуулах, сайжруулах зорилгоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журамд “Чадахуйн зарчим”-ын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг Төрийн албаны зөвлөл үнэлдэг байх талаар Засгийн газарт хүсэлт гарган, тогтоол батлуулсан аж Энэхүү хөндлөнгийн үнэлгээг анх удаа 15 яам, 44 агентлаг, 22 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулан хийжээ. Үнэлгээгээр яамд 80.3, агентлаг 70.7, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 77.5 хувийн дундаж гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бөгөөд жил бүр тогтмол үнэлгээ хийдэг эрх зүйн орчин бүрдүүлж чадсан нь үр дүнтэй ажил болж байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдсан.
Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох чиг үүргийн хүрээнд тус зөвлөл нь 2025 онд 91 төрийн захиргааны байгууллагаас албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрөл олгох хүсэлт хүлээн авч хянан үзээд 63 төрийн байгууллагын 7,511 албан хаагчид хамаарах 2,411 албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрлийг 144 тогтоолоор олгожээ.

Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, албан тушаалд шаардлага хангасан, ур чадвартай, ёс зүйтэй, иргэн/албан хаагчийг сонгон шалгаруулах удирдлага, зохион байгуулалтыг хангах ажлын хүрээнд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг 4 зохион байгуулж, нийт шалгалтад орсон 11,029 иргэнээс тэнцсэн 4,547 иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэжээ. 2024 онтой харьцуулахад бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо 12 хувиар, шалгалтад оролцогчдын тоо 16.1 хувиар буурсан хэдий ч шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн тоо 5 хувиар нэмэгдсэн байгаа нь иргэдийн төрийн албанд ажиллах хүсэл сонирхол их байгаагийн илрэл юм гэж Төрийн албаны зөвлөлийн дарга тодотгосон.

Тэрбээр цааш нь төрийн албаны судалгаа, шинжилгээ, төрийн албан хаагчийн сургалт, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл, Зөвлөлийн үйл ажиллагаа болон Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа танилцуулсан. Тэрхүү саналд, Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийх, төрийн албаны хүний нөөцийн үндэсний хөтөлбөрийг батлах, төрийн алба, албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахад мэдээллийн нэг эх сурвалж, суурь бааз нь Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн систем байж, төрийн албаны их өгөгдөл болгон ашигладаг байхыг хуульчлах талаар тусгасан байлаа.

