Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.05.13/ “Сэлбэ дэд төв” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал,
“Сэлбэ дэд төв” төслийн хувьд өнөөдрийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд оны төгсгөл гэхэд зарим энэ блокийг Улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Харин ирэх жилээс үлдсэн блокийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Монгол Улсын хэмжээнд анх удаа гэр хорооллын 160 га газрыг нэг жил хагасын хугацаанд чөлөөлж, төсөв босгож, орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөс урагш бүх талбайг ойрын гурван жилийн хугацаанд чөлөөлж, хувийн секторуудад шугам сүлжээ, дулаан хангамж, техникийн асуудлыг бүрэн шийдвэрлэн өгч барилгын компаниудад өгөхөөр ажиллаж байна.
“Сэлбэ төв”-ийн урд үзүүрээс урагшаа 32-ын тойрог хүртэл газар чөлөөлөлтийн ажлыг ирэх жил хүртэл хийж, сургууль, цэцэрлэг бусад зүйлсийг барих юм. Нөгөөтэйгүүр, “Баянхошуу дэд төв” төслийн хүрээнд ирэх зургаа, долдугаар саруудад 400-500 айлын байр ашиглалтад орно. Мөн Баянхошуунаас урагшаа Ханын материал орчмын гэр хорооллуудыг орон сууцжуулна.
“Сэлбэ дэд төв” төслийн хувьд ойрын хугацаанд байрны захилга авч эхэлнэ. Захилга авахдаа бусад мэдээлэл нь нэгдсэн байдлаар явагдана. Мөн борлуулалт хийгдсэн орлогыг авсан зээлээ буцаан төлж, нийгмийн үр өгөөжээ өгнө. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах юм.
Гэр хорооллыг орон сууцжуулалтанд хамруулахын тулд Сэлбэ, Шар хад, Дамбадаржаа, Толгойт, Баянхошуу зэрэг дэд төвүүдэд төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

