2026 оны хаврын тариалалтаар нийт 633.4 мянган га-д тариалалт хийж гол нэрийн хүнсний хангамжаа 100 хувь дотоодоосоо бүрдүүлэх зорилт тавьжээ. Тодруулбал 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал тариалах юм.
“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан шатахууны хэрэгцээ, шаардлагыг тооцож, нөөц бүрдүүлэлтийг судалж байна. Тариалан бүхий аймгуудаас авсан судалгаагаар 2025 оны ургацаас аж ахуйн нэгж, иргэд 2026 оны тариалалтдаа зориулан 26.7 мянган тонн үр нөөцөлсөн бөгөөд 305.1 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн байна. Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалахаар төлөвлөж үрийн хангамжийг бүрдүүлжээ.

Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гараг бүр Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж ажиллаж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна.
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 3 нэр төрлийн хүнсний ногооны үр худалдан авч ХААК ТӨХХК-аар дамжуулан зээлээр олгож байна.

