SpaceX компани АНУ-ын Насдак биржид IPO буюу анхдагч хувьцааны арилжаа хийхээр албан ёсны материалаа бүрдүүлэн өгсөн талаар CNN болон олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү IPO нь зөвхөн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болоод зогсохгүй сансрын салбар, хиймэл оюуны зах зээлийн хамгийн том “Wall Street-ийн дэлбэрэлт” болох магадлалтай ажээ.
Тус компани “SPCX” тиккер нэрээр Насдак бирж дээр бүртгүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд IPO-оороо ойролцоогоор 80 тэрбум ам.долларын хөрөнгө татах зорилт тавьжээ. Компанийн үнэлгээ урьдчилсан байдлаар 1.75-2 их наяд ам.долларт хүрч магадгүй гэж шинжээчид тооцоолж байна.

IPO ирэх зургадугаар сарын 12-нд эхлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Элон Маскыг “Дэлхийн анхны долларын их наядтан” болох боломжтой гэсэн таамгийг дахин хүчтэй өрнүүлэв. Одоогоор Маскийн хөрөнгө ойролцоогоор 807 тэрбум ам.доллар гэж үнэлэгдэж байна.
Илон Маск анх удаа компанийнхаа удирдах зөвлөлийн гишүүд, борлуулалт, ашиг, алдагдал зэрэг нийтэд ил тод зарлаж байгаагүй мэдээллүүдээ танилцуулжээ. Тодруулбал, SpaceX 2025 онд 18.7 тэрбум доллар-ын орлого олж 4.9 тэрбум доллар-ын алдагдал хүлээсэн бол 2026 оны эхний гурван сард 4.7 тэрбум доллар-ын орлого олж 4.3 тэрбум доллар алджээ. Starlink-ийн хувьд 2025 онд 11.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Мөн компани сүүлийн нэг жилд хиймэл оюуны дэд бүтэц байгуулахад 12.7 тэрбум ам.доллар, нийт капитал зардалд 20.7 тэрбум ам.доллар зарцуулжээ.
SpaceX сүүлийн саруудад xAI болон X платформтой нэгтгэх томоохон бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд ирээдүйд:
- сансрын дата төв,
- хиймэл оюуны тооцоолол,
- Starlink сүлжээний өргөтгөл,
- Ангараг гарагийн хөтөлбөрт төвлөрөхөө мэдэгдсэн байна

IPO-тэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл: SpaceX компанийн хувьцааны үнэлгээ 500 тэрбум ам.доллараас 7.5 их наяд долларт хүрч, Ангараг гариг дээр дор хаяж сая хүн амтай хүний байнгын колони байгуулбал түүнд тус бүр 66,666,665 ширхэг хувьцааны 15 үе шаттайгаар нөхөн төлбөр олгоно гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNN

