Home Zug flashБ.Пүрэвдагва: Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ

Б.Пүрэвдагва: Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ

by Naraa Nar

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.05.26/ хуралдаж хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Хурлаар МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар  дэмжжээ. 

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшиж, төлөөлөгчдийн олонхын санал авсан Б.Пүрэвдагва нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгээс онцолбол:

Өнөөдөр хотыг өндөр барилга, өргөн зам, урт гүүрээр нь бус алхдаг гудамж нь цэмцгэр үү, гутал нь шороо болдог уу, цэцэг зүлэг нь их үү, цэвэр агаартай юу, гэрт нь ойрхон сургууль, цэцэрлэг байна уу, хүний хэрэгцээ цөм бүрэн үү, эсэх, хүүхэд тоглох, талбай, дугуйн зам нь хэр вэ, хүндээ ээлтэй юу, хотын соёл нь ямар түвшинд байна вэ? гэж амьдралын энгийн бодит үнэнээр хэмждэг, дүгнэдэг болсон.

Эцсийн эцэст бол хот бол хүн юм. Хотын зүрх нь хүн юм. Барилга, орон сууц бол булчин, ясны бүтэц нь юм. Өглөө ажил, сургуульдаа, орой гэртээ харих зам түгжирч байна гэдэг бол, нийтийн тээвэр удааширч байна гэдэг бол судасны нарийсал, бөглөрөл юм. Агаар бага, угаар их байх тусам уушиг өвчилсөн гэсэн үг юм.

Би шилдэг сайн сагсан бөмбөгч болоогүй ч багийн спортын үнэт зүйлээс багахан ч боловч суралцсан. Би хотыг, хотын 1,8 сая хүнийг бүхлээрээ нэг баг гэж боддог. Нэг зорилготой нэг баг, Нийслэл хэмээх нэг л том айл өрх. Хүндээ илүү ээлтэй, эрүүл хотод амьдрах, үр хүүхдээ өсгөж торниулах нэгдмэл нэгэн их хүсэл зорилгоороо нэгдсэн нэг баг. Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ. Би хувийн биш хот гэдэг нэг багийн амжилтын төлөө үүрэг хүлээсэн иргэн. Төрөлх хотынхоо төлөө талбайд гарлаа.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00