Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, өнөөдөр иргэдийн анхдагч хэрэгцээнд тулгуурлан хямд үнэ санал болгох, тансаг зураг төсөл үзүүлэх замаар орон сууцны захиалга аван залилах, хөрөнгийг нь авч ашиглах явдал их гарах болсон. Иймд орон сууцны захиалга өгөх иргэдийг тухайн хуулийн этгээдтэй гэрээ байгуулахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 35 гишүүнээс өргөн мэдүүлж буйг онцлов. Хуулийн төсөл нь барилга барих зөвшөөрөл эхлэхэд урьдчилсан хаяг олгож, ингэснээр хаалганы дугаараараа захиалга өгөх бөгөөд үүн дээр өмнө нь захиалга хийгдсэн эсэхийг шалгах агуулгад чиглэсэн. Түүнчлэн тухайн хуулийн этгээд 20 хаалгатай нэг орцны тавд нь захиалга авбал тэр хэсгийг банкны барьцаанд тавьж болохгүй байх, төрд байгаа мэдээллийг иргэдэд нээлттэй ашиглах замаар гэрээ байгуулахдаа эрсдэлээ үнэлэх бололцоог нь бүрдүүлэхэд хуулийн төслийн агуулга чиглэсэн гэж байлаа.

Ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшрөөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл нээлттэй болсноор орон сууцны захиалгын гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг гаргахаас урьдчилан сэргийлэх, давхардуулах гэрээ байгуулахаас иргэд урьдчилан мэдэх боломжоор хангагдах зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.
