Төв аймгийн Заамар суманд 30-38 метрийн гүн цооногт унасан гурван настай охиныг аврах ажиллагаа гурав дахь өдрөө тасралтгүй үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр /2026.05.28/ холбогдох албаны эмч нар охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ. Өглөөний байдлаар хөндлөн ухалтыг 8-9 метр ухахаар төлөвлөснөөс 4.5 метрийг гараар ухаад байгаа юм байна.
Ослын газарт байгаа охины нагац эгчийн мэдээлж буйгаар “Аврах ажиллагаа эхлээд 40 гаруй цаг өнгөрлөө. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Цахим орчинд хүүхдийг амьд байгаа мэтээр бичиж байгаа ч өчигдөр өглөө ОБГ-ын эмч зүрхний цохилт байхгүй болсныг албан ёсоор хэлсэн. Охины эцэг, эх өөрсдийгөө буруутган, сэтгэл санааны маш хүнд дарамтад байгаа тул олон нийт цахим орчинд тэднийг бүү нэмж буруутгаасай гэж хүсэж байна.” гэсэн юм. Мөн ослын голомтод ажиллаж буй 40 гаруй техник хэрэгсэл бүгд уурхайн компанийнх бөгөөд Онцгой байдлын алба хаагчид маань ямар ч багаж хэрэгсэлгүй, гар нүцгэн шахуу ирсэн. Төрийн алба хаагчдыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаагүй нь эндээс тод харагдлаа. Шаардлагатай байгаа “могойн нүдэн” камер нь байхгүй учраас уурхайн хяналтын камерыг утсаар доош сунган нөхцөл байдлыг тандаж байна. Камераар харахад хүүхэд доошоо хараад уначихсан, нуруу нь үзэгдэж байгаа гэж мэдээллээ.
