Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2026.05.30-ны өдөр Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин, төслийн хэрэгжилтийн явцыг үнэллээ.
Ажлын хэсэг төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг газар дээр нь хэлэлцэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн дээд бүтцийн угсралтын ажлын хүрээнд 49,975 ширхэг бетон дэр зам дээр зулж, 1855 ширхэг зам төмөр угсраад байна. Ингэснээр дээд бүтцийн угсралтын ажил нийт 27.26 километрт хүрээд байна. Түүнчлэн ПК43, ПК66, ПК68 дахь дам нуруут гүүрүүдийн зорчих хэсгийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэж байна.
Мөн II үе шатны ажил эхэлсэнтэй холбоотойгоор ПК98 дээр суурь болон дам нурууны цутгалтын ажил бүрэн дуусаж, дараагийн шатны угсралт, бэхэлгээний ажлууд хийгдэж байна. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор төмөр замын материал хангалтыг тогтмол зохион байгуулж байна. Талбайд 128,610 ширхэг бетон дэр нийлүүлж, 32176 м3 буталмал чулуун овоолго үүсгээд байна.

“Монголын төмөр зам” ТӨХК нь төслийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай зохион байгуулалт, техникийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбохын зэрэгцээ тээвэр, логистикийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа болон зорчигч тээврийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм. Мөн төслийг төлөвлөсөн хугацаанд чанартай, үр ашигтай хэрэгжүүлэн ашиглалтад оруулах зорилтын хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог улам бэхжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг энэ үеэр онцлов.


