Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол өөрчлөлтүүдийг хэлэлцээ. Энэ тухайд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчинд тулгамдсан асуудал олон байгааг онцолж, үүнийг шинэ хуулиар зохицуулахаар тусгасан. Мөн татварын ялгаатай зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдсан. Тодруулбал гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад ногдох татвараа төлсний дараа ногдол ашгаа авахдаа 20 хувийн татвар төлдөг бол дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд таван хувийн татвар төлдөг байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын хяналт шалгалттай холбоотой гомдол ихээр ирдэг бөгөөд зарим аж ахуйн нэгжид жилд 20-иос дээш удаагийн давхардсан шалгалт хийгдсэн тохиолдол байна гэв.
Мөн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын гол хэсэг болох Бортээгийн ордыг ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцжээ. Уг төслийн олон улсын тендерт нийт долоон аж ахуйн нэгж санал ирүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөрийн хэмжээг 500 саяас нэг тэрбум ам.долларын хооронд санал болгосон байна. Тендерийн дараагийн шатанд БНХАУ-ын Baowu Resourses, China Energy Materials & Technology Xuzhou болон China Risun Group /Hong Kong/компани шалгарч, Засгийн газартай нэмэлт хэлэлцээ хийжээ. Гэвч эдгээр компаниуд Засгийн газрын тавьсан үнэлгээний шаардлагыг хангаагүй тул Бортээгийн ордын олборлолтыг үндэсний олборлогч “Эрдэнэс Тавантолгой” ХХК өөрийн менежментээр зохион байгуулж, үндэсний туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэх үүргийг Засгийн газрын хуралдаанаас өгсөн байна.
