Өмнөд Солонгост Starbucks Korea компанийн “Tank Day” нэртэй сурталчилгааны кампанит ажил олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улс даяар бойкотын хөдөлгөөн өрнөөд байна.
Маргааны гол шалтгаан нь тус компани 2026 оны тавдугаар сарын 18-нд буюу Гванжугийн ардчиллын хөдөлгөөний ойтой давхцуулан “Tank Day” нэртэй сурталчилгаа явуулсан явдал юм. Энэхүү өдөр нь 1980 онд Өмнөд Солонгосын цэргийн дэглэм ардчиллыг дэмжигч иргэдийн жагсаалыг танк, цэргийн хүчээр дарсан эмгэнэлт үйл явдлыг дурсдаг өдөрт тооцогддог.
Сурталчилгаанд ашигласан “Tank Day” болон “Tak! on the desk” гэх уриа нь Гванжугийн үйл явдал болон ардчиллын төлөө тэмцэгчдийн дурсгалыг үл хүндэтгэсэн гэж олон нийт үзсэн байна. Үүний дараа нийгмийн сүлжээнд Starbucks-ыг бойкотлох уриалга өрнөж, зарим иргэд Starbucks-ын бүтээгдэхүүнээ устгаж буй бичлэгүүд хүртэл нийтэлжээ.
Олон нийтийн шахалтын улмаас Starbucks Korea сурталчилгаагаа шууд зогсоож, албан ёсоор уучлал хүссэн байна. Мөн компанийн гүйцэтгэх захирал ажлаасаа чөлөөлөгдөж, эзэмшигч Shinsegae группийн удирдлага олон нийтээс уучлал хүсчээ.

Түүнчлэн төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлүүд болон иргэний байгууллагууд бойкотод нэгдэж, зарим байгууллага Starbucks-ын бэлгийн карт, ваучер ашиглахаа зогсоох шийдвэр гаргасан байна.
Shinsegae группийн мэдээлснээр маргаан дэгдсэнээс хойш Starbucks Korea-ийн борлуулалт “маш мэдэгдэхүйц хэмжээгээр” буурсан бөгөөд хэрэглэгчдийн эсэргүүцэл одоогоор үргэлжилж байна.

