Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (CAREC)-ийн хүрээнд зохион байгуулагдах “Бүс нутгийн худалдааны ажлын хэсэг болон Гаалийн хамтын ажиллагааны хорооны хамтарсан хуралдаан”, Гаалийн хамтын ажиллагааны хорооны 25 дугаар хуралдаан” энэ оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
KAPEK хөтөлбөрт Азербайжан, Афганистан, БНХАУ, Казакстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Пакистан, Монгол зэрэг нийт 10 улс хамрагддаг бөгөөд тус хуралдааныг гишүүн улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулдаг.
Гаалийн байгууллагын зүгээс тус хуралдаанд хилийн шалган нэвтрүүлэх цэгийн зэрэглэл ахиулах, боомтын зэрэглэлийг ахиулах, логистик, хөгжлийн байгууламж, КАРЕК-ийн гишүүн орнуудын ахисан түвшний дижиталчлал болон ногоон худалдааг хөнгөвчлөх арга хэмжээ сургалтын үр дүн, КАРЕК урьдчилсан транзит систем болон нийтлэг мэдээлэл солилцоо зэрэг асуудлаар ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван болон бусад албаны төлөөллүүд оролцож асуудал, шийдлийг хэлэлцэж байна.
Мөн дээрх орнуудтай дамжин өнгөрөх барааны ачилтыг хялбаршуулах болон мэдээлэл солилцох туршилтын төсөлд нэгдэн орох хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Бүс нутгийн худалдааны ажлын хэсэг (RTG) болон Гаалийн хамтын ажиллагааны хороо (CCC)-ны хамтарсан хуралдаанаар “CAREC худалдааны нэгдсэн хөтөлбөр 2030”-ын хэрэгжилтийн явц, түүний дунд хугацааны үнэлгээний зөвлөмжүүд болон холбогдох санаачилгуудыг авч үзэн хэлэлцэж байна. Тус хуралдаанаар “CAREC худалдааны нэгдсэн хөтөлбөр”-н шинэчлэгдэн хэрэгжих стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө 2026–2028”-г батлах бөгөөд уг төлөвлөгөөг 2026 оны 6 дугаар сарын 11–12-нд болох CAREC-ийн Сайд нарын уулзалтаар танилцуулах юм.

