Мөрдөгч, генерал, офицерууд болон хууль сахиулах, шүүх эрх мэдэл, прокурор, шүүх шинжилгээний байгууллагын удирдлага, алба хаагчдын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөнд 2200 гаруй албан хаагч, цахим болон танхимаар оролцож, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлаа ярилцаж, тодорхой зөвлөмжүүдийг гаргасан байна. “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, салбартаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшуулжээ.

Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн юм. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн салбар “Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ыг эхлүүлснийг онцлоод гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ч холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгааг онцоллоо.

Өнөөдрийн энэхүү мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, хүртээмж, иргэний шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрх, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадамж, хүний эрхийн баталгааг хангах зорилготой юм. Монгол Улсад орчин цагийн мөрдөн шалгах алба үүсэж хөгжсөнөөс хойш 100 жилийн ойтойгоо золгож байгаа энэхүү түүхэн цаг мөчид зөвлөгөөнийг хийж байгаарай онцлогтой боллоо.

Сүүлийн жилүүдэд цахим залилан, санхүүгийн гэмт хэрэг, мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис, улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, хувийн мэдээлэл ашигласан хууль бус үйлдэл зэрэг гэмт хэргийн шинж улам бүр нарийсаж байгаа үед хуучин арга барил, зөвхөн хүний туршлага, цаасан ажиллагаа, тоон үзүүлэлтэд тулгуурласан үнэлгээ хангалтгүй болсныг салбарынхан онцолж байлаа.

Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй. Тиймээс мөрдөгчийн эрх зүйн орчин, ажлын нөхцөл, бодит ачаалал, мэргэших боломж, хуулийн хамгаалалт, хариуцлагын асуудлыг өнөөдөр эрх зүйт төрийн бодлогын гол цөмд авч үзэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мөрдөгчид онцоллоо.
Өнөөдрийн “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” өөс гарсан санал зөвлөмжийг бодлого болгон хэрэгжүүлэх олон арга хэмжээг зохион байгуулах юм байна.
