Home Zug flashХөрш орнуудаас хэд дахин өндөр үнэтэй тамхи, вэйпийг Монголд хэн худалдаж авах вэ?

Хөрш орнуудаас хэд дахин өндөр үнэтэй тамхи, вэйпийг Монголд хэн худалдаж авах вэ?

by chimka chimka

УИХ-ын гишүүн О.Номинчимэг өчигдөр орой өөрийн цахим хуудсаар дамжуулан Тамхины хяналтын тухай хуульд тусгагдсан татварын өөрчлөлтийн үр дүнд бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд хүрэх талаар тайлбар хийлээ.

Түүний танилцуулсан тооцооллоос харахад Монгол Улсад худалдаалагдах цахилгаан тамхи болон янжуур тамхины үнэ бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй харьцуулахад огцом өндөр болохоор байна.

10 мл шингэнтэй цахилгаан тамхины өнөөгийн олон улсын үнэ

УлсҮнэ
Их Британи32,000 төгрөг
АНУ34,000 төгрөг
Европын олон улс28,000–32,000 төгрөг
ОХУ30,000 төгрөг

Хуулийн төсөл хэрэгжвэл Монголд

БүтээгдэхүүнҮнэ
2 мл шингэнтэй цахилгаан тамхи40,810 төгрөг
10 мл шингэнтэй цахилгаан тамхи120,000 төгрөг

Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн өндөр орлоготой зах зээлүүдтэй харьцуулахад ч Монголд худалдаалагдах цахилгаан тамхи илүү үнэтэй болохоор байна. Тэр ч байтугай 10 мл шингэнтэй бүтээгдэхүүн ОХУ, Их Британи, АНУ-ын үнээс 3-4 дахин өндөр түвшинд хүрэхээр байгаа нь анхаарал татаж байна.

Янжуур тамхины хувьд ч ижил дүр зураг харагдаж байна.

Нэг хайрцаг янжуур тамхины үнэ

УлсҮнэ
ОХУ8,000–9,000 төгрөг
Казахстан7,000–8,000 төгрөг
Киргизстан6,000–6,400 төгрөг
Узбекистан6,000 орчим төгрөг

Харин Монгол улсад 15,080 төгрөг болгохоор тооцоолжээ.

Энд хамгийн том асуулт гарч ирж байна. Монгол Улсад хөрш орнуудтай харьцуулахад хоёр дахин өндөр үнэтэй янжуур тамхи, гурав дөрөв дахин өндөр үнэтэй цахилгаан тамхи худалдаалагдаж эхэлбэл түүнийг хэн худалдаж авах вэ?

Эдийн засгийн онол ч, бодит амьдралын туршлага ч нэг зүйлийг харуулдаг. Үнэ хэт зөрөх үед хэрэглэгч хамгийн хямд эх үүсвэрийг хайдаг. Ялангуяа Монгол Улс ОХУ, БНХАУ зэрэг том зах зээлүүдтэй хил залгаа оршдог нөхцөлд үнэ ийм хэмжээнд зөрөх нь хил дамнасан хууль бус худалдаа, хувь хүмүүсийн зөөвөр, онлайн худалдаа, татвар төлөгдөөгүй бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгодог.

Татварын бодлогын зорилго нь төсвийн орлого нэмэгдүүлэх, хэрэглээг бууруулах хоёрын тэнцвэрийг олох байдаг. Харин зах зээл дээр борлуулагдах бүтээгдэхүүний үнийг хөрш орнуудынхаас хэд дахин өндөр түвшинд хүргэх нь эсрэгээрээ хууль ёсны худалдааг агшааж, татварын орлогыг бууруулах эрсдэлтэй.

Тиймээс асуудал нь татвар нэмэх эсэхдээ биш, харин ямар хэмжээнд, ямар хугацаанд, ямар эдийн засгийн тооцоолол дээр үндэслэн нэмэх вэ гэдэгт оршиж байна. Инфляц, валютын ханш, иргэдийн орлого, хөрш орнуудын үнэ, хууль бус худалдааны эрсдэлийг бодитой тооцоогүй тохиолдолд сайн санаатай бодлого ч хүсээгүй үр дагаварт хүргэх боломжтой.

Эцсийн дүндээ Монголд дэлхийн хамгийн үнэтэй тамхи, хамгийн үнэтэй цахилгаан тамхийг бий болгосноор хэрэглээ алга болохгүй. Харин хууль ёсны зах зээл хумигдаж, хяналтгүй зах зээл тэлэх эрсдэл улам нэмэгдэх юм.

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00