“Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” тохиож буйтай холбогдуулан Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох нэгжүүд хамтран Замын-Үүд, Чингис хаан, Гашуун-Сухайт зэрэг хилийн боомтуудад иргэд, олон нийтэд зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл өгөх мөн улсын хилээр нэвтэрч буй зорчигчдод дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох хохирлоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

Тодруулбал, гаалийн байгууллагын зүгээс иргэд, зорчигчдод зориулан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж илрүүлэх албаны эрэлч нохдын үзүүлбэр, энэхүү хууль бус үйлдлийг илрүүлэхэд ашигладаг багаж, тоног төхөөрөмжүүдийг танилцуулахын зэрэгцээ улсын хилээр зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, санамсар болгоомжгүй байдлаас болж гэмт хэргийн, хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах зорилготой гарын авлага тараах зэрэг ажлуудыг тус тус зохион байгууллаа.
НҮБ-ын Ерөнхий асемблейн 1987 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр тогтож, ийнхүү 1989 оноос тэмдэглэж эхэлсэн юм.
Эдүгээ НҮБ-ын гишүүн улс орнууд 39 дэх жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

