Монгол Улсад сав баглаа боодлын тогтвортой менежментийн тогтолцоог хөгжүүлэх, Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлага (ҮӨХ)-ын хэрэгжилтийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой Тогтвортой Сав Баглаа Боодлын Мэргэжлийн Зөвлөл албан ёсоор байгуулагдлаа.
Тус зөвлөл байгуулах санаачилга нь 2026 оны 6 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монголын Ус, Ундааны Салбарын Тогтвортой Сав Баглаа Боодлын Форум 2026”-ын онцлох үр дүнгийн нэг байсан бөгөөд форумын үеэр зөвлөлийн анхны гишүүд хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурсан явдал байв.
Форумыг Хог Хаягдалгүй Монгол ТББ болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран зохион байгуулж, төрийн байгууллага, үйлдвэрлэгчид, импортлогчид, дахин боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон салбарын экспертүүдийн 80 гаруй төлөөллийг нэг дор цуглууллаа. Оролцогчид сав баглаа боодлын тогтвортой менежментийг бүрдүүлэхэд шаардлагатай бодлого, санхүүжилт, дэд бүтэц болон салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.

ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орны нэг бөгөөд дэлхийн дундажтай харьцуулахад агаарын температурын өсөлт гурав дахин өндөр байгаа нь тогтоогдсон. Үүний зэрэгцээ нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж, хог хаягдлын дийлэнхийг булшлах аргаар шийдвэрлэсээр байгаа нь байгаль орчин, эдийн засгийн аль алинд нь томоохон сорилт болж байна.
Нөгөө талаас сав баглаа, боодлын материалын хувьд импорт, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас бүрэн хамааралтай бөгөөд Монгол Улсад 40 гаруй дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг боловч түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, цуглуулалтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс шалтгаалан ихэнх нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.
Ийм нөхцөлд сав баглаа боодлын үнэ цэнийн сүлжээний бүх оролцогчдыг нэгтгэсэн, төрийн бодлого болон хувийн хэвшлийн санаачилгыг уялдуулах хамтын ажиллагааны платформ зайлшгүй шаардлагатай байгааг форумын үеэр оролцогчид онцоллоо.
Цаашид Тогтвортой Сав Баглаа Боодлын Мэргэжлийн Зөвлөл нь сав баглаа боодлын тогтвортой менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тойрог эдийн засгийн бодлогын шинэчлэлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгууллагуудад нээлттэй бөгөөд үндэсний хэмжээний хамтын ажиллагааны платформ болон хөгжиж, Монгол улсын тойрог эдийн засгийн шилжилтийг дэмжих, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлэх урт хугацааны шийдлүүдийг бий болгоход зорин ажиллаж байна.

