Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр бүрэн цахилгаан болон цэнэглэдэг хибрид автомашины дэлхийн борлуулалт урт хугацаанд өсөх төлөвтэй хэвээр байна. Гэхдээ улс орнуудын цэнэглэх дэд бүтэц, автомашины үнэ, төрийн татаас, шатахууны үнэ болон хэрэглэгчдийн жолоодлогын хэрэгцээ харилцан адилгүй байна.
Иймээс автомашины салбар “бүгд шууд бүрэн цахилгаанд шилжинэ” гэсэн нэг чиглэлийн таамгаас холдож, бүрэн цахилгаан-BEV, ердийн хибрид, PHEV болон EREV технологийг зэрэг хөгжүүлэх шинэ тэнцвэрт шилжиж байна.
Европт хибрид автомашины борлуулалт бүрэн цахилгаан автомашиныхаас хоёр дахин өндөр болсон бол Хятадад хибрид төрлийн автомашины өсөлт BEV-ийн өсөлтөөс гурав дахин хурдан байв. Энэ нь хибрид автомашин зөвхөн түр зуурын шилжилтийн технологи бус, ойрын жилүүдэд дэлхийн автомашины зах зээлийн томоохон хэсгийг эзлэх сонголт хэвээр байгааг харуулж байна.
Тодруулбал, Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо буюу ACEA-гийн мэдээллээр 2025 онд Европын Холбоонд 3.73 сая ширхэг ердийн хибрид автомашин шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр хибрид автомашин нийт шинэ автомашины зах зээлийн 34.5 хувийг эзэлж, хамгийн түгээмэл хөдөлгүүрийн төрөл болжээ. Харин бүрэн цахилгаан автомашины бүртгэл 1.88 сая ширхэг буюу зах зээлийн 17.4 хувийг эзэлсэн байна.

Таны мэдлэгт:
PHEV = Plug-in Hybrid Electric Vehicle
Монголчилбол залгуураар цэнэглэдэг хибрид автомашин.
- Батарейгаа гаднын цахилгаан эх үүсвэрээс цэнэглэнэ.
- Богино зайд зөвхөн цахилгаан мотороор явж чадна.
- Батарей багасахад бензин хөдөлгүүр ажиллана.
- Бензин хөдөлгүүр нь автомашины дугуйг шууд хөдөлгөх боломжтой.
Жишээ: Toyota Prius Plug-in Hybrid, Mitsubishi Outlander PHEV, BYD Song Plus DM-i.
EREV гэж юу вэ?
EREV = Extended-Range Electric Vehicle
Монголчилбол явалтын нөөц сунгагчтай цахилгаан автомашин.
EREV-ийг заримдаа range-extender hybrid гэж нэрлэдэг.
- Автомашины дугуйг үндсэндээ зөвхөн цахилгаан мотор хөдөлгөнө.
- Бензин хөдөлгүүр дугуйг шууд хөдөлгөхгүй.
- Харин батарей багасахад генератор ажиллуулж, цахилгаан үйлдвэрлэнэ.
- Ингэснээр автомашины нийт явах зай уртасна.
Жишээ: Li Auto L6, L7, L8, L9, мөн зарим Aito болон Leapmotor загвар.
