2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарсан билээ. Тэгвэл эл хэргийн хүрээнд амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа УИХ-ын даргад хандлаа. Түүнийг өнөөдөр ХЭҮК-ийн дарга, гишүүд болон өмгөөлөгчийнх нь хамтаар УИХ-ын дарга Н.Учрал хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Н.Учрал “Хэрэг шалгах процессын ажиллагаа хүний эрхийг дордуулж болохгүй, Үндсэн хуулиар хүний эрхийг хамгаална гэж заасан ч өнөөдөр бид хуулиа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Онц ноцтой хэргүүд, хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд гарсаар байгаа нь нийгэмд соён гэгээрлийн ажлууд дутагдсантай холбоотой. Танай гэр бүлд тохиолдсон уй гашууг сонсоход ч хүнд байна. Ийм ноцтой хэргийг бид нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Монголын төр, хууль тогтоох байгууллага юун дээр алдаж байгаагаа бид харах ёстой. Дахин хүний амийг гарздахгүйн тулд бүх талаараа хичээх ёстой. Хамтдаа нийгмээ соён гэгээрүүлэхийн төлөө ажиллана гэж найдаж байна” гэв.
