Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ажил олгогчийн манлайлалд суурилсан нийгэм-сэтгэлзүйн эрүүл ажлын орчныг бүрдүүлцгээе” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээний үеэр хөндөгдсөн онцлох сэдвийн нэг нь: Олон улсын судалгаагаар хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэгтэй холбоотой бөгөөд үүнээс үүдэх зардлын дийлэнх нь бүтээмж буурах, ажил таслалттай холбоотой байдаг тухай байв. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь ажил олгогчийн хувьд урт хугацаанд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болохыг онцоллоо.
Манай улсад 224 мянга гаруй хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа бөгөөд ажлын ачаалал, стресс, илүү цаг, ажлын байрны дарамт зэрэг нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

