Тээврийн прокурорын газраас 2026 оны 4 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 462 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Шүүхээр шийдвэрлүүлсэн дээрх хэргээс 154 хэрэгт нь хохирогч нар өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхээр эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авсантай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 508 сая төгрөгийг зарцуулсан байна.
“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” дээрх 154 гэмт хэргийн улмаас 123 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 27 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 4 хүний амь нас хохирчээ.
2026 оны эхний 4 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 508 сая төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулж, эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 208 сая төгрөгөөр буюу 70 хувиар өссөн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн прокурорын газраас зөвлөж байна.

