Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар “тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл”-ийг хэлэлцэх үеэр А.Ариунзаяа гишүүний хэлсэн яриа УИХ-ын чуулганыг ямар чадамж муутай, ард иргэдийн амьдралаар тоглож буй тухай баримт боллоо.
Өнөөдрийн /2026.06.30/ Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Ө.Шижирийн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр /2026.06.25/ тус төслийн 6.7.16-д заалт “гаа болон бусад бүх үнэр, амтыг оруулахыг хориглосон” санал дэмжигдсэнийг А.Ариунзаяа гишүүн “төрсөн өдөрт нь зориулж бэлэг болгож дэмжсэн юм” гэсэн агуулгатай хэллээ.
Хэрэв энэ нь үнэхээр хошигнол байсан бол парламентын хууль тогтоох ажиллагаанд тун зохисгүй хошигнол байлаа. Харин үнэхээр ийм хандлагаар санал өгсөн бол бүр ноцтой асуудал.
Учир нь хууль тогтоох үйл ажиллагаа бол хэн нэгэнд бэлэг барих, сэтгэл гаргах, харилцаагаа илэрхийлэх талбар биш. Нэг товчлуурын ард хэдэн зуун мянган иргэний эрх, бизнесийн орчин, улсын эдийн засаг, олон улсын үүрэг амлалт байдаг.
Гишүүд санал өгөхдөө тухайн заалт ямар үр дагавартай вэ, ямар бүтээгдэхүүнд үйлчлэх вэ, ямар эрсдэл үүсгэх вэ гэдгийг бүрэн уншиж, ойлгож, судалсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Энэ бол УИХ-ын гишүүний үндсэн үүрэг.
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн гаргасан Зарчмын зөрүүтэй санал нь Хамрын тамхин бүтээгдэхүүнийг хориглох заалт болж хувирсан учир үүнд засвар хийх нь зүйтэй гэж үзэхдээ иймэрхүү байдлаар ард иргэдээ доромжилсон нь ЁСЗҮЙН асар том хариуцлага хүлээх хэрэг болоод байна.
Сүүлийн өдрүүдэд энэ хуулийг тойрсон үйл явдлуудыг дүгнэхэд хууль санаачилагч, ажлын хэсгийн гишүүд хуулийн заалтаа бүрэн дүүрэн уншиж танилцаагүй, ямар эрсдэл учрахыг ч мэдэхгүй байгаа нь илт. Зарим гишүүд өөрчлөлтийн бодит агуулгыг мэдэхгүй мэт тайлбар хийж байна. Зарим нь өргөн баригдаагүй саналыг чуулганы танхимд шууд оруулж ирж байна. Зарим тохиолдолд бүр санал хураалтын хууль ёсны байдал хүртэл эргэлзээ дагууллаа.
Энэ бүхний дараа “төрсөн өдрийн бэлэг” гэх үг энгийн хошигнол биш, парламентын хариуцлагын түвшнийг илэрхийлсэн эмгэнэлтэй дүр зураг шиг сонсогдож байна.
Монгол Улсын хууль ингэж батлагдах ёсгүй.
Иргэд нэг л зүйлийг хүсэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөл бүрээ уншдаг байгаасай. Судалдаг байгаасай. Ямар заалт дээр ямар үр дагавар гарахыг ойлгож байж санал өгдөг байгаасай.
Учир нь өнөөдөр “төрсөн өдрийн бэлэг” мэт санагдсан нэг товчлуурын цаана маргааш бүхэл бүтэн салбар, олон мянган ажлын байр, хэдэн зуун мянган хэрэглэгчийн эрх ашиг байж болно.
