УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.10.09/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Манай улсад нэг шүүгчид дунджаар 1456 хэрэг, нэхэмжлэл оногдож байгаа нь шүүхийн ачаалал өндөрт тооцогддог. Иргэний хэргийн танхимын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэг шүүгчид ногдох зохист ачааллыг 336 хэрэг байхаар тогтоосон байдаг тухай хууль санаачлагчид тайлбарлав. Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрд нэг шүүгчид оногдох нэхэмжлэл, хэрэг нэмэгдэн шүүхийн ачаалал ихсэх, улмаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх, шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдөхөөс сэргийлж, тогтмол үнийн дүнг олон улсын жишгээр хуульчлах шаардлагатайг хуулийн төсөлд тусгасан талаар онцолсон юм.
Үргэлжлүүлэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд гэр бүлийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, орон сууцны дэмжлэг үзүүлэх, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн өдрийг тэмдэглэх, хүүхэд, эцэг, эхэд олгох мөнгөн дэмжлэг, гэр бүлийг дэмжих тогтолцоог сайжруулах, гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв байгуулах, цахим системийг хөгжүүлэх зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.
УИХ-ын гишүүд зарим гэр бүлд тулгарч буй үргүйдлийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийн асран хамгаалагчдыг дэмжих тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын ашиглалт, орон сууцны дэмжлэг, малчин гэр бүлд зориулсан хөгжлийн хөтөлбөр зэрэг асуудлаар хууль санаачлагчдаас тодруулга авсан юм.
Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг үдээс хойш явуулахаар тогтлоо.