Боловсролын салбарын 2027 оны төсвийн төлөвлөлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх боломжит шийдлүүдийн талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгээр нийслэлийн зарим сургуулийн хэт ачааллыг бууруулах, хүүхэд гэртээ ойрхон сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх хүрээнд хотхон, хорооллын сургалтын зориулалттай барилга байгууламжийг ашиглах, төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлэх, сургуулийн сүлжээ, бүтцийг шинэчлэх асуудлыг хөндөн ярилцав.
Мөн хөдөө орон нутагт цөөн хүүхэдтэй сургуулиудын үр ашиг, чанарыг сайжруулах хүрээнд сум дундын болон төрөлжсөн, олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Түүнчлэн багшийн хүрэлцээ, хангалтын асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх, сургуулиудад үүсэж буй сул орон тооны шалтгааныг нарийвчлан тодорхойлж, багш бэлтгэх тогтолцоо болон дадлагажигч, цалинжигч багшийн хөтөлбөрүүдтэй уялдуулах чиглэлээр саналуудыг хэлэлцлээ.
Үүнээс гадна сургалтын орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сургалтын хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх, кабинет, лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэгцээг шинэчлэн тодорхойлох, сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулах асуудлуудыг нэгтгэн хэлэлцэв.
Хэлэлцүүлэгт оролцсон сургуулийн удирдлагууд санал, зөвлөмжөө танилцуулж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бодлогын шийдлүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. Эдгээр санал, зөвлөмжийг 2027 оны төсвийн төлөвлөлтийн хүрээнд нэгтгэн авч үзэх юм.