Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, төрийн үйлчилгээ доройтож байгааг эсэргүүцсэн жагсаал орон даяар өргөжиж, зарим хотод үймээн самуун дэгдлээ. Жагсаалын үеэр төрийн байгууллагын барилга, дэлгүүрүүд рүү халдаж, автомашин шатаан, цагдаа нартай мөргөлдсөн байна.
Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньезийн мэдээлснээр жагсаалд 550 мянга орчим хүн оролцсон бол CGT үйлдвэрчний эвлэл оролцогчдын тоог 800 мянга орчим гэж тооцоолжээ. Ерөнхий сайд Себастьен Лекорнюгийн мэдээлснээр 1,200 орчим хүнийг баривчилсан бөгөөд 150 гаруй цагдаагийн алба хаагч гэмтэж бэртсэн байна.
Лимож хотод хотын захиргааны байр галд автсан бол Марсельд жагсагчид хотын захиргааны байранд нэвтэрч, Лион хотод жуулчны мэдээллийн төвийг шатаажээ. Парисын зарим хэсэгт цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараасан байна.
Жагсагчид шатахууны үнэ, амьжиргааны зардал, боловсролын нөхцөл, нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Парист жагссан 19 настай Лола “Амьжиргааны өртөг дэндүү өндөр, шатахууны үнэ хэт их байна. Сурагчид илүү олон багштай болж, зохистой орчинд суралцахыг хүссэнийхээ төлөө хүчирхийлэлд өртөж байна” хэмээн ярьжээ.

Ерөнхий сайд Лекорню “Бид хүчирхийлэлд айлган сүрдүүлэх боломж олгохгүй. Хэн ч хүчирхийллээр дамжуулан улс төрийн зорилгоо тулгахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Эммануэль Макрон халдлага үйлдсэн хүмүүсийг шүүхэд шилжүүлж, хариуцлага хүлээлгэхээ амлав.
Францад эхэлсэн хөдөлгөөн Европын бусад оронд ч нөлөөлж, Португал, Итали, Бельги улсад амьжиргааны зардал болон боловсролын асуудлаар жагсаал өрнөжээ. Албанид авлига, ажлын байрны хомсдол, боловсролын чанарыг эсэргүүцсэн иргэд мөн жагссан байна.








Францын цагдаагийн ажиллагаа ч шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд цагдаагийн хүчирхийлэлтэй холбоотой дор хаяж 24 гомдлыг шалгаж байгаа аж. Ийнхүү амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээтэй холбоотой бухимдал улс төрийн томоохон сорилт болж, ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Макроны засаг захиргаанд дарамт нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: Reuters.com