Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Х.Анхсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ нар гарын үсэг зурав.
МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд санхүү, банкны салбарын судалгаа, шинжилгээ, бодлогын дүн шинжилгээг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкны ажилтнуудын дижитал ур чадварыг дээшлүүлэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадавхыг хөгжүүлэх, хиймэл оюун ухаан, автоматжуулалтын хэрэглээг үе шаттай нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх, хамтарсан сургалт, судалгааны ажил хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн нь эдийн засаг, санхүүгийн бодлогын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын санал, зөвлөмж боловсруулахын зэрэгцээ төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Их сургуулиудтай байгуулсан энэхүү хамтын ажиллагаа нь академик мэдлэг, судалгааны чадавхыг бодлого, практиктай уялдуулах, судалгаа, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ мэдлэг, технологи, инновацыг санхүүгийн салбарт нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.








Одоогоор сэтгэгдэл алга.