Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2026 оны эхний хагас жилийн байдлаар 566.6 сая ам.долларын ашигтай гарсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Монгол Улсын гадаад орнуудаас орж ирсэн мөнгө, гадагш гарсан мөнгөний нийт зөрүү эерэг гарчээ.
Төлбөрийн тэнцэл гэдэг нь Монгол Улс гадаад орнуудтай хийсэн бүх төрлийн орлого, зарлагыг нэгтгэн харуулдаг үзүүлэлт юм. Үүнд бараа, үйлчилгээний экспорт, импорт, гадаадаас авч болон гадаадад төлсөн цалин, зээлийн хүү, ногдол ашиг, иргэдийн мөнгөн шилжүүлэг, буцалтгүй тусламж, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг олон төрлийн мөнгөн урсгал багтдаг.
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын гадаад худалдаа, үйлчилгээ болон бусад тогтмол орлого, зарлагын нийт зөрүү 179 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжирсан үзүүлэлт юм.
Үүнд барааны экспорт, импортын зөрүү хамгийн их нөлөөлсөн байна.
Тодруулбал, барааны худалдааны ашиг 2025 оны эхний хагас жилд 721 сая ам.доллар байсан бол 2026 оны мөн үед 4.5 тэрбум ам.долларт хүрч, 3.8 тэрбум ам.доллароор өсжээ.
Энэ өсөлтийг зэсийн баяжмал болон чулуун нүүрсний экспорт голлон бүрдүүлсэн байна. Зэсийн баяжмалын экспортын орлого 4.6 тэрбум ам.доллар, чулуун нүүрсний экспортын орлого 3.9 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр зөвхөн энэ хоёр бүтээгдэхүүний экспортын орлого өмнөх оны мөн үеэс нийлээд 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 590 сая ам.доллароор өсжээ. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Гадаад худалдааны ашиг нэмэгдсэн хэдий ч үйлчилгээтэй холбоотой зардал өссөн нь төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлжээ.
Тухайлбал, аялал жуулчлал, боловсрол, эмчилгээ, тээвэр зэрэг үйлчилгээний орлого, зарлагын зөрүү өмнөх оны мөн үеэс 428 сая ам.доллароор муудсан байна. Үүний тодорхой хэсэг нь Монгол Улсын иргэд гадаадад суралцах, эмчлүүлэх, аялж жуулчлахад илүү их мөнгө зарцуулсантай холбоотой.
Мөн цалин, зээлийн хүү, ногдол ашиг зэрэг гадаадтай холбоотой орлого, төлбөрийн зөрүү 1.4 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Гэхдээ энэ 1.4 тэрбум ам.доллар бүхэлдээ Монгол Улсаас гарсан гэсэн үг биш. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ашигтай ажиллах үед ашгийн тодорхой хэсгийг ногдол ашиг хэлбэрээр гадагш шилжүүлж болохоос гадна үлдсэн хэсгийг Монгол дахь үйл ажиллагаандаа дахин хөрөнгө оруулах боломжтой. Энэ удаад уг мөнгө тухайн компаниудад үлдэж, дахин хөрөнгө оруулалт хэлбэрээр бүртгэгдсэн байна.
Харин Монгол Улсад орж, гарч буй хөрөнгө оруулалт болон санхүүгийн бусад мөнгөн урсгалыг харвал 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарчээ. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллар буюу 51 хувиар буурсан үзүүлэлт байна.
Үүнд Оюу Толгой компани экспортын борлуулалтын орлогоосоо гадаад өр төлбөрт нийт 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлжээ.
Энэ төлбөр нь нэг талаас Монгол Улсаас гадагш чиглэсэн мөнгөн урсгалыг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас Монгол Улсын нийт гадаад өрийг 2 тэрбум ам.доллароор бууруулсан эерэг үр дүнтэй байна.
Санхүүгийн урсгалыг задалж харвал гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум ам.доллар, хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгслээр дамжсан хөрөнгө оруулалтаар 147 сая ам.доллар Монгол Улсад цэвэр орж иржээ. Харин бусад төрлийн хөрөнгө оруулалтын урсгалаар 682 сая ам.доллар цэвэр гадагшилсан байна.
Ингэж харахад 2026 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад хамгийн хүчтэй нөлөөлсөн зүйл нь экспортын өсөлт байв. Ялангуяа зэсийн баяжмал болон чулуун нүүрсний экспортын орлого эрс нэмэгдсэнээр барааны худалдааны ашиг огцом өсжээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2025 оны эцэст 7.0 тэрбум ам.доллар байсан бол 2026 оны зургаадугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хэмжээ нь Монгол Улсын импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшин юм.
Товчхондоо, үйлчилгээ болон бусад зарим зардал өссөн ч экспортын орлого түүнээс илүү хурдацтай нэмэгдсэнээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилд 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ.
Одоогоор сэтгэгдэл алга.