Прокурорын байгууллагаас хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд төвтэй, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Цагдаагийн байгууллагатай хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл, Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2026 оны 4 дүгээр сард “Хүүхэд хамгаалал–Хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулсан.
Тус арга хэмжээний хүрээнд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтнууд болон мөрдөгч, прокуроруудад зориулан хүүхэд хохирсон, холбогдсон хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, хүүхэдтэй харилцах арга зүй, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах олон улсын эрх зүйн зохицуулалтыг тусгасан гарын авлагуудыг боловсруулан гаргаж, албан хэрэгцээнд хүргүүлсэн юм.
Улсын Их Хурлаас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль батлагдаж, эрүү, зөрчил, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Үүнтэй холбоотойгоор Прокурорын байгууллагаас хууль тогтоомжийн шинэ зохицуулалтыг практикт нэг мөр ойлгож хэрэглэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн дээд ашиг сонирхол, нас, сэтгэл зүй, хөгжлийн онцлогт нийцсэн, хүний эрхэд суурилсан хууль хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор прокурорууд болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, хууль сахиулах байгууллагын алба хаагч, мөрдөгч нарт зориулсан “Хүүхэд хамгаалал–Хамтын ажиллагаа” гарын авлагыг боловсруулан гаргалаа.