Монголбанк зээлийн мэдээллийн сан буюу иргэдийн нэрлэж заншсанаар “хар жагсаалт”-тай холбоотой зохицуулалтыг шинэчилж, зээлийн мэдээлэл болон зээлжих зэрэглэлийн онооны системд хэд хэдэн өөрчлөлт хийж байгаа талаар өнөөдөр /2026.08.28/ мэдээлэл өглөө.
Монголбанкны Банкны хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн дарга Л.Дөлгөөн "УИХ-ын дарга С.Бямбацогт долдугаар сарын 29-нд Монголбанкны Ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн сантай холбоотой үйл ажиллагааг сайжруулах чиглэл өгсөн бөгөөд үүний дагуу Монголбанк ажлын хэсэг байгуулж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран 10 чиглэлээр ажиллаж байна. Зээлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд нь нийлүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлсэн" гэдгийг онцоллоо.
Түүний хэлснээр эхний ээлжид зээлийн мэдээлэл нийлүүлдэг банк бус санхүүгийн байгууллагуудад шалгалт хийж байгаа бөгөөд дараагийн шатанд банкуудад хяналт шалгалт хийх аж. Мөн санхүүгийн байгууллагаас ирсэн зээлийн мэдээллийг хүлээн авсан даруйд тухайн иргэний зээлжих зэрэглэлийн оноог шинэчилдэг зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр иргэн зээлээ төлсөн ч зээлийн оноо нь тодорхой хугацааны дараа өөрчлөгддөг байсан хүлээлт багасаж, мэдээлэл орж ирсэн даруйд оноо шинэчлэгдэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдийн гомдол, хүсэлтийг нэг сувгаар хүлээн авч, шийдвэрлэлтийн явцыг цахимаар мэдээлдэг системийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр тухайн асуудлыг аль байгууллага хариуцаж байгаа, Монголбанк шийдвэрлэх эсэх зэрэг мэдээллийг иргэн цахимаар харах боломжтой болох юм. Уг системийг есдүгээр сарын дунд үеэс ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Одоогоор санхүүгийн байгууллагуудаас зээлийн мэдээлэлд засвар оруулах хүсэлтийг албан бичгээр авдаг бол энэ үйл явцыг мөн цахимжуулж, ирэх сарын 20-ноос ашиглаж эхлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр алдаатай зээлийн мэдээллийг засварлах хугацааг богиносгож, тав хоногийн дотор шийдвэрлэх боломж бүрдэхээр байна.
Л.Дөлгөөн мөн үүрэн телефоны төлбөр болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл нь иргэдийн зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй болно. Эдгээр төлбөр нь зөвхөн зээлийн мэдээллийн лавлагаан дээр тухайн иргэний өр төлбөр хэсэгт харагддах зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг тодотгов.
Иргэд зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн оноог ижил ойлголт гэж андуурах тохиолдол их байгааг Монголбанкнаас тайлбарлав.
Зээлийн мэдээллийн лавлагаа нь тухайн иргэн, аж ахуйн нэгжийн өмнө нь авсан болон одоо төлж буй зээлийн нийт түүхийг харуулдаг. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн хүн зээлээ хэрхэн төлж ирсэн, төлөлтийн сахилга бат болон санхүүгийн зан төлөвийг тоон үзүүлэлтээр үнэлсэн мэдээлэл юм.
Өмнө нь зээлийн төлөлт нэг удаа хоцорсон тохиолдолд санхүүгийн байгууллага зээл олгохоос шууд татгалзах нөхцөл үүсдэг байсан бол зээлийн онооны тогтолцоо нь зээлдэгчийг илүү өргөн хүрээнд үнэлэх боломж олгож байгаа аж.
Тухайлбал, банк болон ББСБ өөрсдийн зээл олгох босго оноог тогтоож болох бөгөөд тухайн иргэний оноо уг босгоос дээш байвал зээлийн судалгаанд хамруулна. Харин босгоос доогуур байсан ч тухайн байгууллагын бодлогоос шалтгаалан зээл олгох боломжтой.
Зээлээ хугацаанд нь тогтмол төлдөг иргэдийн оноо аажмаар өсөх бөгөөд өндөр оноотой зээлдэгчдэд бага хүүтэй, өндөр дүнтэй зээл авах боломж нэмэгдэх давуу талтай гэж Монголбанк тайлбарлалаа.
Одоогоор сэтгэгдэл алга.