Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Just Transition-ийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх ба шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд Эрүүгийн цахим хавтаст хэрэг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд зохион байгууллаа.
Сургалтад Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан, прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудын цахим мэдээллийн санг нэгтгэн холбох, цахим хавтаст хэргийн системийн технологийн шийдлийг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд хамрагдав.
.jpg)
Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч, доктор Штефан Приллер (Dr. Stefan Priller), Бавари мужийн Шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн технологийн нэгдсэн төвийн дарга, доктор Инго Киндлер (Dr. Ingo Kindler) нар удирдан явуулж, тус мужийн шүүх, прокурорын байгууллагад цахим хавтаст хэрэг нэвтрүүлсэн туршлага, сайн туршлагыг танилцууллаа.
.png)
Сургалтаар цахим хавтаст хэргийн эрх зүй, зохион байгуулалт, технологийн шийдэл, хэрэг, баримт бичгийг цахимаар хүлээн авах, боловсруулах, хадгалах, архивлах үйл явц, мэдээллийн аюулгүй байдлын шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Бавари мужийн туршлагыг Монгол Улсын нөхцөлд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Энэхүү сургалт нь эрүүгийн цахим хавтаст хэрэг нэвтрүүлэх ажлын бэлтгэл хангах, прокурор, мөрдөгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, цахим шилжилтийн эрх зүй, зохион байгуулалт, техникийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.